Аварга малчдынхаа гэр дээр аймгийн сүлд бүхий улаан халз зүүдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/ Гал тахиа жилийн босгон дээр Дундговь аймаг мал аж ахуйн салбарын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсан 15 малчныг “Аймгийн аварга малчин”- наар шалгаруулсан. Аварга малчдын шагналыг аймгийн удирдлагууд хотонд нь очиж гардуулан өгч байна.
Улсын сайн малчныг Аварга малчин болгож өөрчилсөнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Аймгийн сайн малчин шалгаруулах” журмыг шинэчлэн баталсан. Малын индексжүүлсэн даатгалд хонин толгойд шилжүүлснээр мал сүргийнхээ 20- иос доошгүй хувийг хамруулсан байх, удам гарвал нь тодорхой, ашиг шим өндөр 30- аас доошгүй толгой үржлийн малыг иргэд, аж ахуйн нэгжид жил бүр борлуулж, хандивласан, сүрэгт эзлэх хээлтэгч бог малд 55, бодод 40- өөс доошгүй хувьд хүрсэн, нийт сүрэгт ямааны эзлэх хувь гучаас хэтрээгүй, эр сувай малын хориос доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан байх зэргээр 18 шалгуур үзүүлэлтээр сумын сайн малчин болсноос хойшхи гурван жилийн ажлын нь амжилтыг үнэлэн малчдыг шалгаруулжээ.
Энэ удаад аймгийн Аварга малчнаар Эрдэнэдалай сумын 1- р багийн малчин Г. Наранбаатар, П. Энхбат, Сайнцагаан сумын 1-р багийн малчин Ш. Болдбаатар, 3-р багийн О. Баттөмөр, Говь- Угтаал сумын 1-р багийн малчин А. Мөнхбат, Дэлгэрцогт сумын 1-р багийн малчин Ж. Баатарчулуун, Адаацаг сумын 2- р багийн малчин Н. Түвшинбаяр, Дэлгэрхангай сумын 4-р багийн малчин Х. Баттүвшин, Сайхан- Овоо сумын 4-р багийн малчин Д. Ойдов, Өндөршил сумын 1-р багийн малчин Э. Алтанхуяг, Баянжаргалан сумын 2-р багийн малчин Б. Чанарав, Луус сумын Суварга багийн малчин М. Мандах- Эрдэнэ, Дэрэн сумын 2-р багийн малчин С. Доржсамба, Хулд сумын 1-р багийн малчин Д. Ганбат, Гурвансайхан сумын 2- р багийн малчин Ж. Өлзийбат нар тус тус шалгарсан юм.
Аймгийн аварга малчны цол тэмдгийг гэрийн эзэн, эзэгтэй нарын энгэрт хослуулан зүүж байгаа бөгөөд цол тэмдгийг дагалдуулан гардуулж буй шагнал урьдынхаас онцлогтой байна. Тодруулбал, Улсын аварга малчинд улаан халзтай өргөө гэр бэлэглэж байгаатай уялдуулан Дундговь аймгийн аварга малчныхыг илтгэх өргөө гэрийн улаан халз, саалийн модон хувин алд цэнхэр хадгийн хамт Аварга малчны тэмдэгийг дагалдан очиж байгаа юм. Сүү сааль элбэг дэлбэг, малын ашиг шим дэлгэрэн аривжихын бэлэгдлээр саалийн хувинг ийнхүү аварга малчиддаа бэлэглэж байгаа ажээ.
Өргөө гэрийн улаан халз болон саалийн хувинг орон нутгийн үйлдвэрлэгч иргэд урласан байна. Улаан халз Дундговь аймгийн сүлд тэмдэг, “Дундговь аймгийн аварга малчин” гэсэн үгтэй бөгөөд үүнийг үндэсний хээ угалзаар чимэглэн Сайнцагаан сумын иргэн Ж. Эрхэмбаяр урласан байна. Саалийн хувинг мөн Сайнцагаан сумын иргэн н.Бат- Эрдэнэ үйлдвэрлэсэн бөгөөд дөрвөн хүчитний нэг арслангийн дүрийг зэсээр товойлгон сэнжний суурийг хийж, нүүрэн талд нь Дундговь аймгийн лого бүхий мөнгөн товх суулгаж, зэсээр бүслүүрдэн урлажээ.
Аварга малчдынхаа шагналд аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө тус бүр 800 гаруй мянган төгрөг зарцуулсан нь орон нутгийн үйлдвэрлэгчдэд ийнхүү шингэсэн байна.
Т. Отгонтуяа