Цагаан сарын баярыг угтан ногоон дадал зуршлыг бий болгохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-10 18:27:43

Нийслэлийн Байгаль орчны газар, “ТЕХНОЖ БИТ” ТББ, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран  “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлага өрнүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг Дэлхийн зөн Монгол, Флом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж буй юм. Төслийн нөлөөллийн ажлыг НЗДТГ, ХУД, СХД, Дундговь, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, их дээд сургуулиуд, супермаркетууд, сайн дурын ажилтан оюутнууд хамтран дэмжиж ажиллаж байгааг оролцогсод онцолж байв.  

“ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий ярихдаа, “Өнөөдөр дэлхий нийтэд хог хаягдал тэр дундаа хүний хүчин зүйлээс хамаарсан бохирдол их үүсч байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийн олон байгууллагууд дэвшүүлж, улс орнууд нэгдэн ажилласаар ирсэн. Энэ хүрээнд бид Цагаан сарын баярыг угтан ногоон дадал зуршлыг бий болгоё, бие биедээ даавуун тор, улавч бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж байна. Нийслэл дэх агаар, хөрс, усны бохирдлыг бууруулахаар гаргаж буй олон санаачилгын нэг нь гялгар уутнаас татгалзъя гэсэн уриалга юм. Нийслэлийн иргэд  өдөрт 660 тонн гялгар уутыг хог дээр хаяж байна. Энэ нь байгальд маш их хор хөнөөлтэй” гэв.

Харин НБОГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа “Хүн бүр хариуцлагатай хэрэглэгч байгаасай гэсэн үүднээс энэхүү уриалга, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Иргэд маань долоо хоногийн нэг өдөр автомашингүй байж сурсан. Харин одоо сардаа нэг удаа гялгар уутны хэрэглээнээс  татгалзаж сураасай гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлж буй юм. Цаашдаа олон цуврал ажил өрнөх болно. Иргэд та бүхнийг энэ төслийг дэмжин ажиллаасай гэж хүсч байна” хэмээн ярив.

“Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлага өрнүүлснээр олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлснөөр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулна  гэдгийг албаныхан тодотголоо.

Л.Нандинцэцэг

 

相关新闻