"Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах" төслийг 10 сая.ам доллараар санхүүжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-09 16:03:20

Глобаль Сангийн Үндэсний Зохицуулах зөвлөл “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” төслийн хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг "Блью Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Дээрх хөтөлбөр нь ХДХВ/ДОХ-ын үргэлжлэл төсөл бөгөөд 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн зорилго нь иргэдийг ДОХ, Сүрьеэ зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулахад чиглэж буй аж.

Монгол Улсын эрүүл мэндийн салбар  Глобаль сантай 14 дэх жилдээ хамтран ажиллаж буй юм. Энэ хугацаанд тус сангаас Монгол Улс  ДОХ, Сүрьеэ зэрэг өвчинтэй тэмцэх хүрээнд  57 сая ам.долларын санхүүжилт авчээ.

“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” төслийг гуравдугаар сарын сүүлээр Глобаль санд өгөх  юм. Хэрэв уг төсөл дэмжигдвэл Монгол Улсад 10 сая ам.долларын санхүүжилт орж ирэх нөхцөл бүрдэнэ гэдгийг салбарынхан онцоллоо. Санхүүжилтийн хувьд долоон сая ам.долларыг сүрьеэ, гурван сая ам. долларыг ДОХ-ын урьдчилан сэргийлэх, үзлэг оношлогоо, эмчилгээнд зарцуулахаар төлөвлөжээ.

Уулзалтад Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/, Эрүүл мэндийн хөгжлийн төв, ХӨСҮТ, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас гадна ХДХВ-ийн халдвартай хүмүүс  оролцож санал бодлоо илэрхийлж буйг албныхан хэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Б.Цацралт ярихдаа,“2016 оны байдлаар ХӨСҮТ-д түрхэц эерэг сүрьеэгийн 1924 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн үед бага насны хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх тохиолдол ихсэж байна. Сүрьеэ өвчний үед шалтгаангүйгээр 14 буюу түүнээс дээш хоног халуурах, хоолонд дургүй болох, ханиалгах, турах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ төрлийн өвчлөлийг бууруулахын тулд сүрьеэ өвчний голомтод  зохих арга хэмжээг авах, хүн амыг вакцинжуулах, өвчтөнүүдийг эмээ тогтмол уухыг шаардах, орчин нөхцлийг бүрдүүлэхэд Глобаль сангаас санхүүжүүлэх уг төсөл чухал ач холбогдолтой” гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ХДХВ-ийн 228 тохилдол бүртгэгдсэн аж. Үүний цаана илрээгүй 600 гаруй тохиолдол байж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ төрлийн халдварын 99 хувь нь бэлгийн замаар дамжин халдварладаг ажээ.

Энэ тухай НЭМГ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантогос ярихдаа, “ХДХВ/ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг ХӨСҮТ-ийн Тандалт Судалгааны алба, “Улаан тууз” эмнэлэг хяналтандаа авч рэтровирусын эмчилгээ үнэ төлбөргүй хийдэг. Энэ төрлийн өвчлөлийн тархалтыг бууруулахын тулд 19-41 насны иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд энэ насныхан жилд хоёр удаа үзлэг шинжилгээнд хамрах, тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. ХДХВ, ДОХ нь бүрэн эдгэрдэггүйгээрээ бусад өвчнөөс ялгаатай боловч эрт оношлогдсон бол халдвар авсан хүн эмчилгээ хийлгэн урт наслах боломжтой” хэмээв.

Дашрамд дурдахад 136 оронд үйл ажиллагаа явуулдаг Глобаль сан нь дэлхий дахинд ДОХ, Сүрьеэ, Хумхай өвчинтэй тэмцэх зорилгоор  2003 оноос хойш 30 гаруй тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Л.Нандинцэцэг

相关新闻