Б.Чойжилсүрэн: Эдийн засгийн тогтворгүй байдалд баяртай гэж хэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО. /Nikkei/. Эдийн засгаа жил бүр 6-8 хувиар тогтвортой өсгөх зорилгоор манай улс макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байна гэж Монголын Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японы “Nikkei Asian Review” сонинд нэгдүгээр сарын дундуур ярилцлага өгөхдөө хэлжээ.
2011 онд Монголын эдийн засаг 17.3 хувиар өсч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа. Гэвч үүнээс тавхан жилийн дараа тус улсын эдийн засгийн өсөлт ердөө 0.3 хувьтай гарсныг Азийн Хөгжлийн банк мэдэгдэв.
Б.Чойжилсүрэн хэлэхдээ “эдийн засгийн байдал нь хөрөнгө оруулагчдын хувьд урьдчилан таамаглахын аргагүй бөгөөд маш том эрсдэл хэвээр байна. Гэхдээ бид наад зах нь 10 жилийн хугацаанд эдийн засгаа 6-8 хувиар тогтвортой өсгөх боломжтой. Энэ хугацаанд бид хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж, хөгжлийн суурийг тавих болно” гэжээ.
Эдийн засгаа өсгөх гэсэн Монголын зорилт нь тус улсад санхүүгийн тусламж үзүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа Олон улсын валютын сангийн /ОУВС/ зөвлөгөөтэй нийцэж байна.
Засгийн газар болон ОУВС хоёрдугаар сарын 15 гэхэд санхүүгийн тусламж үзүүлэх үндсэн нөхцлийн талаар тохиролцоонд хүрч магадгүй гэж сайд Б.Чойжилсүрэн хэлжээ.
Төсөв, мөнгөний хатуу бодлого явуулах, бүтцийн шинэчлэл хийх зэрэг нь ОУВС-гийн нөхцөлд багтаж байгаа бололтой.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголын парламент 2017 оны төсвөө баталсан юм. 2017 оны төсөвт засгийн газрын зардал 2016 оныхоос 10 гаруй хувиар багасчээ.
“2018 онд ч төсвийг танана. ОУВС-гаас тусламж авахын тулд Засгийн газар 2017 оны төсвийг дахиад ч танах хэрэгтэй байна” гэж Б.Чойжилсүрэн хэлсэн байна.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “төсвийг танахад хүмүүс дуртай байхгүй нь мэдээж. Гэхдээ бид (эрх баригч МАН) сонгогчдын саналыг авахын төлөө бус харин энэ улс орны төлөө ажиллаж байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх засгийн газруудын популист зарлагын улмаас төсвийн алдагдал ДНБ-ий 18 хувьд хүрсэн гэж тэрбээр битүүхнээр хэлсэн байна.
/http://asia.nikkei.com/magazine/20170202/On-the-Cover/Goodbye-volatility-hello-steady-growth-says-Mongolia-s-finance-chief/
Г.Доржханд