Харааны бэрхшээлтэй иргэдийг нүдний эмчийн үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:07:57

Жил бүрийн 10 сарын 15-ыг хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй иргэдийн эрхийг хамгаалах “Цагаан таягтны өдөр” дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол улсад 2003 оноос тэмдэглэн ирсэн байна.

Уг өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс,  Хараагүйчүүдийн холбоо, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Орон нутаг судлах музей, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагууд хамтран харааны бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагаанд хамрууллаа. Тухайлбал амьдрах ухааны хичээлд суулган, музей үзүүлж, нүдний эмчийн үзлэгт хамруулсан байна. НХҮХ-ээс харааг оношилдог “Сэрмэг” ХХК-тай гэрээ байгуулан харааны бэрхшээлтэй иргэдийг 14 хоногийн хугацаатайгаар үнэ төлбөргүй үзлэгт хамруулжээ.

Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 303 харааны бэрхшээлтэй иргэн байдгаас энэ өдрийн арга хэмжээнд 20 гаруй иргэн оролцсон байна. Дээрх хүмүүс ихэвчлэн 100 хувийн харааны бэрхшээлтэй учраас тус үйл ажиллагаанд хамрагдах боломжгүй байснаас ийн цөөн хүн иржээ.

Б.Батчимэг

相关新闻