Сургууль, цэцэрлэгийн эмч нарт анхан шатны тусламжийг зөв, шуурхай хүргэх чадвар олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгийн эмч нарыг чадавхижуулах сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Энэхүү чадавхижуулах сургалтыг хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, боловсролын байгууллагад ажиллаж байгаа эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол, дадлага хослуулан зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болжээ. Сургалтанд Сэлэнгэ аймгийн 34 сургуулийн 20 гаруй эмч, 42 цэцэрлэгийн 38 эмч мэргэжилтнүүд хамрагдсан аж. Тус сургалтыг онол, дадлага хослуулж явуулснаар тэдний мэдлэг ур чадвар сайжрах, мөн осол гэмтлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох, сургуулийн орчинд эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл, сурталчилгааны ажлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд анхан шатны тусламжийг зөв, шуурхай хүргэх чадвартай болгох мэдлэгийг өгсөн зэрэг олон талын ач холбогдол, өгөөжийг өгсөнөөрөө энэ удаагийн сургалт онцлог давуу талтай болжээ.
Энэ үеэр аймгийн БСУГ-ын хими биологи хариуцсан мэргэжилтэн Л.Наранчимэг:-”Энэ сургалтанд суусан эмч нар эндээс авсан тодорхой хэмжээний мэдлэг, мэдээллүүдээ сургуулийн сурагч, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд цааш нь дамжуулан хүргэх зорилготой ажиллах юм байна. Хоёр өдрийн сургалтын чиглүүлэгч багшаар аймгийн ЭМГ болон аймгийн НЭ-ийн эмч, мэргэжилтнүүд ажиллалаа. Манай аймгийн боловсролын салбар сүүлийн 3 жилийн хугацаанд хүүхэд бүрийг эрүүл байлгах, цэвэр аюулгүй орчинг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Үүний үр дүнд бүх сургууль, цэцэрлэгүүд эмчтэй болсон” хэмээн ярилаа.
Сургалтыг Сэлэнгэ аймгийн БСУГ, ЭМГ, Цагдаагийн газар, ДЗMОУБ-ын Сэлэнгэ ОНХХ зэрэг газрууд хамтран зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг