“Эрдэнэт Икон” багийн цуврал хожлыг Сүхбаатарчууд зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-03 12:57:29

МҮСБХ болон МСБХ хамтран зохиож буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.

Зүүн бүсийн аваргын төлөө “Эрдэнэт Икон”, Сүхбаатар аймгийн “Сүхбаатар Альянс Тех” багтай таарч сүхбаатарчуудын ялалтаар өндөрлөв.  “Эрдэнэт Икон 14 тоглолт дараалан хожиж, гайхалтай амжилт үзүүлсэн гэдгээрээ энэ баг үзэгчдийн анхаарлыг татаж байв. Тоглолтын эхнээс хоёр баг ширүүн өрсөлдөж хоёр багийн хөгжөөн дэмжигчид ч багаа уухайлан дэмжсэн юм.

Тэдний тоглолт гуравдугаар үеэс өрсөлдөөн дээд цэгтээ хүрч БНАСАУ-ын хоёр легионер Сим Кум Бёл(Эрдэнэт), Ким Чон Ил(Сүхбаатар) нар алсын зайн шидэлтээр бороо оруулж байв. Сүхбаатар аймгийн баг тэргүүлсээр байсан бөгөөд дөрөвдүгээр үед Эрдэнэт Икон оноог ойртуулсан ч сүхбаатарчууд довтолгоогоо улам чамбайруулж, өрсөлдөгчөө 100:92-оор хожиж цувралыг 1:0 болголоо. Ийнхүү Эрдэнэт Икон багийн хожлын цуврал таслан зогсоов.

Тус тоглолтод Сүхбаатар аймгийн баг 34 удаа хоёр дахь боломж үүсгэсэн. Ер нь тоглолтын турш тэд самбарын өрсөлдөгчөөсөө илүү тоглолт үзүүлэв. Багаараа 70 самбар бөмбөг авсан байна. Тоглолтод Ким Чон Ил 25 оноо, 7 самбар авсан бөгөөд алсын зайн шидэлтийг 5 удаа амжилттай гүйцэтгэсэн юм. Карл Блэйр 23 оноо, 8 самбар, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Энхбатын Дөлгөөн 16 оноо, 15 самбар авсан юм. М.Харрис 14 оноо 16 самбар авчээ. Харин Эрдэнэт Икон багаас Сим Кум Бёл 27 оноо, 7 самбар авч алсын шидэлтийг 7 удаа амжилттай хийжээ.

Д.Өлзий

相关新闻