Монголчууд Буриадыг “алгасан ниснэ”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-03 09:10:58

ЭРХҮҮ./asiarussia.ru/.Монгол Улс Эрхүү-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тоогоо нэмэгдүүлнэ. Энэ тухай Эрхүүгийн нисэх онгоцны буудалд зочлох үеэрээ Эрхүү хотод суугаа Монголын Ерөнхий консул Л. Амарсанаа мэдэгдлээ.

”Чингис хаан” нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэгч зорчигчид ихэнхдээ Эрхүүгээр дамжин Оросын төв хэсэг рүү дамжин нисэхийг илүүд үздэг гэж ноён Амарсанаа онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, монголчууд Москва руу явахдаа Оросын аль нэгэн нисэх буудалд буугаад, тус улсын дотоодын нислэгийн онгоцонд суудаг нь тэдний хувьд хямд тусдаг байна.

Одоогийн байдлаар “AeroMongolia” компани нь Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэж байгаа гэж Эрхүүгийн нисэх онгоцны буудлынхан ярилаа.

Эрхүүгийн агаарын боомт нь Эрхүү муж, Монгол улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Монголын Ерөнхий консул тэмдэглэн хэлэв.

“Нислэгээ өргөжүүлэхэд нь агаарын тээвэрлэгч компанид дээд зэргийн дэмжлэг үзүүлнэ” гэдгээ Эрхүүгийн нисэх онгоцны буудлын удирдлага Монголын талд илэрхийлжээ.

"Чингис хаан нисэх онгоцны буудал, түүний үндсэн авиакомпаниудтай манай нисэх онгоцны буудал эртнээс түншийн харилцаатай бөгөөд энэ онд нисэх онгоцны буудлуудын хамтын ажиллагааг сэргээх хэлэлцээрийг шинэчлэх гэж байгаа. 12 жилийн өмнө хоёр тал энэ баримт бичигт гарын үсэг зурж байсан” гэж “Эрхүүгийн олон улсын нисэх онгоцны буудал” хувьцаат нийгэмлэгийн хэвлэлийн төвийн дарга Алексей Рендоревский хэллээ.

Харин олон улсын нисэх онгоцны буудалтай Буриад улс Монголоос ОХУ-ын төв хэсэг рүү нисдэг монголчуудын гол дамжин өнгөрөх газар нь болж чадсангүй.

Эрхүү хот өнөөдөр ийм дамжин өнгөрөх цэг нь болоод зогсохгүй өөрийн байр сууриа тэлэхэд бэлэн байгаа аж. Дашрамд хэлэхэд, Эрхүүгийн нисэх онгоцны буудлын удирдлагатай уулзалт хийх санаачлагыг монголчууд өөрсдөө гаргасныг хэлэх нь зүйтэй. Тэд Эрхүү Улаан-Үд хоёрын алийг нь сонгох вэ гэж бодож байгаад Эрхүүг илүүд үзжээ.

Сануулан дурдахад, одоогийн байдлаар Улаан-Үд, Улаанбаатар хоёрын хооронд тогтмол нислэг байхгүй байна. Өмнө нь ийм нислэгийг 2010 оны зунаас 2012 оны намар хүртэл хийж байсан боловч удалгүй алдагдалтай болсноор уг нислэг хаагджээ. 2014 онд Орос-Монголын хооронд харилцан визгүй зорчдог болсноор Буриад руу явах Монгол жуулчдын урсгал эрс нэмэгдсэн билээ. 2015 оны 10-12 дугаар сард “ИрАэро” авиакомпани нислэгээ сэргээсэн боловч мөн л зорчигчдын урсгал багасч, алдагдалд орсон гэсэн шалтгаанаар нислэгээ зогсоожээ. /2017.01.18/

http://asiarussia.ru/news/14899/

О. Барс

 

 

相关新闻