Ц.Даваасүрэн: УИХ төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-01 19:13:16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэв.

Уг ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор гаргасан бөгөөд Ш.Раднаасэд гишүүн ахалсан байна. Засгийн газар дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэд халдаж, хэд хэдэн хууль зөрчсөн хэмээн ажлын хэсэг үзжээ.

Тухайлбал, Үндсэн хуульд "УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ" гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэжээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзжээ.

Түүнчлэн Засгийн газар дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа эхлээд ОХУ-тай зөвшилцөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг тал нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн хэмээн Ш.Раднаасэд гишүүн танилцуулгадаа дурьдав.

Тэрбээр, “Дээрх үйлдвэрүүдийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт шалгалт хийсэн. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг босгохдоо нэр бүхий дөрвөн компаниас зээл авсан байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлжээ. Мөн Худалдаа хөгжлийн банк (ХХБ)-наас 70 сая ам.доллар зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан дээрх компаниуд Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд барих цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгө 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Дээр дурьдсан зээлийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна.

Тиймээс ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна” гэлээ.

Сүүлийн үед зарим гишүүд хувийн өмчийг хүчээр булааж авах гэж байгаа гэсэн яриа гаргасныг Ш.Раднаасэд гишүүн хэлээд, “ХХБ нь хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн. Түүнчлэн ХХБ-нд Хөгжлийн банкнаас байршуулсан бондын хөрөнгө бий. Энэ бүх мөнгөөр хэлцэл хийх замаар төрийн өмчийг л буцааж авах юм. Булааж авах талаар ямар ч санал, дүгнэлт байхгүй” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “49 хувийг худалдаж авсан хүмүүсийн нэр ус, эзэмшдэг компаниудын мэдээллийг гаргасан байна. Тиймээс эзэмшигч компаниудын төлөөллийг оролцуулж хэлэлцэх хэрэгтэй. Зөвхөн нэг талын гаргасан дүгнэлтийг хэлэлцэж болохгүй. Тиймээс түр хойшлуулаад 49 хувийг зэмшигч талын төлөөллийг оролцуулах нь зөв” гэсэн санал гаргав.

Мөн О.Баасанхүү гишүүн, “49 хувьд холбогдоод байгаа н.Эрдэнэбилэг гэдэг хүнийг оролцуулах хэрэгтэй. Энэ тайлангаар их ноцтой баримтууд илэрсэн. Тиймээс Улсын прокурорын ерөнхий газрын төлөөллийг ч мөн оролцуулах ёстой” гэлээ. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Түүнчлэн О.Баасанхүү гишүүн, “Монгол зэс” 49 хувийг өгөхгүй гэвэл яах вэ. Хууль бусаар олгосон хүмүүст нь ямар хариуцлага хүлээлгэх вэ хэмээн тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд, Хуулийн байгууллагууд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалаас эхлээд бүх хүнийг шалгах байх гэсэн хариулт өглөө. Мөн Ажлын хэсгийн гишүүн Ц.Нямдорж, Бидний гаргасан дүгнэлтэд худал зүйл огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авах ажиллагаа ХХБ-ны гол хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хүрээллийн н.Пүрэвтүвшин, н.Хүрэлбаатар хэмээх хүмүүсийн байгуулсан компаниар дамжуулан явагдсан. “Монгол зэс”-д 62 сая ам.доллар зээлсэн “Кю Эс Си” нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2012 онд 30 жилийн хугацаанд концессын гэрээгээр авсан. Энэ компани Д.Эрдэнэбилэгийн мэдэлд байсан. 2012 онд Концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авахдаа өөрийн хөрөнгөөр төмөр зам, автозам гэх мэт таван бүтээн байгуулалт хийхээр тохирсон. Гэтэл Засгийн газар 2015 онд төмөр зам, автозам барьсан мөнгийг нь буцааж олгох гэнэтийн шийдвэр гаргаж, 2016 оны хоёрдугаар сарын 26-нд Сангийн сайд Б.Болорын тушаалаар 90 сая ам.доллар олгосон байна. 2016 оны зургадугаар сарын 17-нд н.Пүрэвтүвшиний эзэмшлийн “Ривер стоун” компаниас 70 сая ам.доллар зээлдсэн байна.

Улмаар “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая ам.доллар зээлсэн. Энэ компани 2012 онд байгуулагдсан. 2012-2015 онд нийт 33 сая төгрөгийн татвар төлсөн бол 2016 онд нэг сая төгрөг төлсөн байна. Тэгээд “Кю Эс Си” компанийн мэдэлд шилжсэн. Дараа нь Сингапурт бүртгэлтэй “Канет” компаниас 68 сая ам.доллар авсан. Энэ компанийг н.Пүрэвтүвшин 2016 оны гуравдугаар сард Монгол Улсад бүртгүүлэх гэж байгаад больсон юм. Засгийн газар тухайн үед мөнгөгүй байсан учраас 49 хувийг авахаас татгалзсан гэсэн тайлбар хэлж байсан. Тийм биш. Энэ хэмжээний луйврыг би урд нь харж байгаагүй” гэлээ.

Үндсэн хуулийн дагуу төрийн өмчийг ард түмнийг төлөөлж УИХ хариуцахаар заасан гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлээд, “Зарим гишүүд УИХ хувийн хэвшлийн өмч рүү халдаж байна гэсэн яриа гаргаж байна. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Хувийн өмч хэнд ч шилжиж болно. Тиймээс стратегийн ордыг төрийн эзэмшилд байлгах ёстой” гэв. Мөн тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар төлөлт буурсан шалтгааныг тодруулав. Тус үйлдвэр 2015 оны 323.4 тэрбум төгрөг төлж байсан бол өнгөрсөн жил 177.8 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсантай холбтоотой аж. Өнгөрсөн онд зэсийн дундаж үнэ 5706 ам.доллар байсан. Зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш гарсан тохиолдолд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 16 хувиар, түүнээс бага бол таван хувиар тооцож авдаг байна. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар 4720 ам.доллар байсан.  Тиймээс таван хувиар тооцож, татвар төлөлт  145 тэрбумаар буурсан хэмээн ажлын хэсгээс хариулав.

Харин Т.Аюурсайхан, “Монголбанкнаас ХХБ-нд 500 сая төгрөг хэвлэж өгсөн тухай мэдээлэл бий. Энэ асуудлыг шалгаж үзсэн үү” гэлээ. Ажлын хэсгийн зүгээс уг асуудлыг шалгаж үзээгүй гэсэн хариулт өгсөн.

Байнгын хорооны гишүүдийн зүгээс шинээр байгуулагдсан Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодруулж байлаа. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг хууль зөрчсөн эсэхийг АТГ-т шалгуулжээ. АТГ-ын дүгнэлтийг прокурорын байгууллага шалгасан байна. Прокурорын байгууллагаас 49 хувийг хувьчилсан нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн талаар мэдээлэл ирүүлсэн хэмээн ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэлэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа төрийн 51 хувийн төлөөллийг үйл ажиллагаа явуулахад нөгөө талаас ямар нэгэн шахалт үзүүлж байна уу хэмээн тодруулсан. Үйлдвэрийн ТУЗ-ийн хурал нөгөө талын хүсэлтээр гурван удаа хойшилсон. Ойрын хугацаанд ТУЗ-ийг хуралдуулахаар төлөвлөж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Бид дотооддоо асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд одоо ОХУ-ын талыг оролцуулах шаардлагагүй гэсэн санал хэлснийг Ажлын хэсгийн ахлагч дэмжиж буйгаа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд уг асуудлыг чуулганаар хэлэлцэх эсэх талаар УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэх болов. Даргын зөвлөл хэлэлцэх нь зөв гэсэн шийдвэр гаргавал Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаан хийж, тогтоолын төсөл боловсруулах юм.

Ч.Ариунболд

相关新闻