Зоорийн давхарт амьдарч буй өрх Засаг даргад ханджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн иргэн Б Засаг дарга Д.Батлутад хандаж өргөдөл гаргажээ.
Тэрээр 2012 оны 11 дүгээр сард шинээр ашиглалтад орсон 5 дугаар бичил хорооллын 41-1 дүгээр байранд 50.9 м.кв бүхий 1 өрөө байрыг худалдаж авчээ. Тэрээр 2011 онд баригдаж эхлэх үеэс нь төлбөрөө төлсөн байна.
Гэтэл тухайн байрыг барьсан компани анх 50 айлын орон сууц барина гэж зөвшөөрөл авсан ч зоорийн давхартаа өрөө тасалгаа гарган хэд хэдэн айлд худалджээ. Зоорийн давхарт сантехникийн бүх шугам сүлжээ, дулааны узель төвлөрдөг тул хүн амьдрах боломжгүй болж улмаар чийгшил үүссэн байна. Өөрөөр хэлбэл, иргэн Б-ийн зоорийн давхарт худалдаж авсан нэг өрөө байр тэр чигтээ цан цохиж уур савсан амьдрах боломжгүй болсон тул тухайн барилгын компанидаа хандсан ч шийдэл гаргаж чадаагүй байна. Иймд Орхон аймгийн Засаг даргад хандсан нь энэ байна.
Үүний дагуу Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллалаа. Иргэн Б 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс 50.9 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай байрын гэрчилгээгээ мөн авчихсан байгаа юм байна. Ийнхүү иргэн Б-г АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж зөвлөсөн байна.
Б.Оюун-Эрдэнэ