УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Тус хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсан бөгөөд УИХ-ын гишүүн болон өндөр дээд албан тушаалтныг эгүүлэн татах асуудлыг тусгасан.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Содбилэг, "Нэгэнт ажил хийгээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг сонгогчид дараагийн сонгуулиар сонгодоггүй. МАН өнгөрсөн сонгуулиар 65 суудал авлаа. Энэ бол хариуцлагын тогтолцооны тод жишээ. Сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд гишүүнийг татах болвол ажил хийлгэдэггүй байдал үүсч болзошгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, "Нийт 57 хуулийг сугалж аваад Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр гүйцэтгэх засаглалыг хүчгүйдүүлсэн. Одоогоос 8 жилийн өмнө энэхүү хуулийн төслийг оруулж ирсэн бол асуудал өөр байх байлаа. Тиймээс хуулийн төслийг буцаах тухай горимын санал гаргаж байна. Намрын чуулганаар хариуцлагын асуудлыг цогцоор нь оруулсан хуулийн төсөл оруулж ирэх ёстой" гэсэн байр суурьтай байв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, "УИХ-ын гишүүнийг 3000 хүний саналаар татдаг байх нь өрөөсгөл. Олон улсын жишигт нийт сонгогчдын 51 хувийн саналаар эгүүлэн татдаг. Улстөржилтийг бий болгосон, мөн төрийн тогтворгүй байдлыг үүсгэсэн хуулийн төслийг дэмжих боломжгүй" гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Батзоригийн хувьд одоогийн байгаа хуулиа сайжруулах замаар хариуцлагын асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэв.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсэний дараа байнгын хорооны дарга Н.Энхболд “Хариуцлагын асуудлыг ярихгүй байж болохгүй. Хуулийн төслөөр олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй. Тиймээс тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах саналтай байна” гэсэн юм. Байнгын хорооны даргын гаргасан саналыг гишүүд дэмжснээр Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл тодорхойгүй хугацаагаар хойшлов.
Б.Туул