Орхон аймагт таван хүн тутмын нэг нь элэгний вирустай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-30 16:10:56
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, БОЭТ,  “Медипас” төв эмнэлэг хамтран “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяныг өрнүүлээд таван сар болж байна.

 Уг аяныг зохион байгуулж буй ажлын хэсгийн хуралдаан боллоо. Уг хуралдаанд АШУИС-ын дэд захирал, Гастроэнтерлогийн холбооны Ерөнхийлөгч, ЭМЯ-ны зөвлөх, дэд профессор Д.Даваадорж оролцож аяны ололт, туршлагаас судаллаа. Аяны хүрээнд  аймгийн хэмжээнд элэгний В вирусын тархалт 12, С вирусын тархалт 9 хувьтай байгааг мэдээллээ. Энэ нь насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь элэгний вирусын халдвар авсан гэсэн үг юм. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар Орхон аймгийн 14 мянга 800 орчим иргэн элэгний вирусын шинжилгээнд хамрагджээ. Эдгээрийн 1230 орчим B, C вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. “Медипас” төв эмнэлгийн Гасроэнтерологийн тасгийн эрхлэгч Т.Цэрэнтогтохын таамаглаж буйгаар Орхон аймагт 8340 хүн элэгний вирустай байх магадлалтай аж. Мөн хүүхдүүд элэгний вирусын халдвар авах нь нэмэгдэж байгааг онцоллоо.

Элэгний С вирусын халдвар 40-өөс дээш насныханд тохиолдож байгаа гэнэ. Хүйсээр нь авч үзвэл халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эрчүүд. Гэхдээ вирусын тархалт эрчүүдэд давамгай байгаа боловч эмчилгээг эмэгтэйчүүд голлон хийлгэж байгаа ажээ.  2016 онд Орхон аймгийн хэмжээнд элэгний хавдартай 668 хүн байснаас 242 нь шинээр бүртгэгдсэн. Өнгөрсөн онд энэ өвчний улмаас 54 хүн нас барсан талаар БОЭТ-ийн Хавдрын эмч С.Тунгалаг ярьлаа. Иймд  орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс элэгний вирусын эрт илрүүлэгт зориулж өнгөрсөн онд 15 сая төгрөгийг зарцуулсан. 2017 онд вирусын эрт илрүүлэгт 15, хүүхдүүдийг вирусын эсрэг вакцинд хамруулахад 35 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөөд байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻