Дундговийн хоёр сумын Засаг дарга томилогдоогүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнөөдрийн байдлаар Дундговь аймгийн хоёр сумын Засаг дарга томилогдоогүй байна.
Орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн сумын ИТХ хуулийн хугацаандаа хуралдаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг батламжилдаг. Энэ дагуу 10 сумын Засаг даргыг батламжилсан боловч 5 сумын Засаг даргын батламжлаагүй үлдээсэн. Үүнээс Эрдэнэдалай сум Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнээ өөрчилж, өөр хүнийг нэр дэвшүүлсэнээр Засаг даргаа батламжлуулсан бол Цагаандэлгэр, Өлзийт, Өндөршил, Баянжаргалан сумын Засаг даргыг томилоогүй он дамжсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Цагаандэлгэр сумын Засаг даргад хоёр дахь удаагаа нэр дэвшээд байсан Д.Буджавыг, өнөөдөр Өндөршил сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлсэн Л.Мөнхбадрахыг сумын Засаг даргаар тус тус батламжилсан байна. Ингэснээр одоо хоёр сумын Засаг дарга томилогдоогүй үлдэж байгаа юм. Үүнийг аймгийн Засаг дарга тайлбарлахдаа, Баянжаргалан сумын хувьд орон нутгийн сонгуультай холбоотой маргаан МАН, АН- ын хооронд үүсч, шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байгаа, Өлзийт сумын хувьд ИТХ нь хуралдаж Засаг даргад нэр дэвшүүлэхгүй байгаа гэсэн юм.
Т.Отгонтуяа