“Эрдэнэт ДЦС” ТӨХК нүүрс татах зүтгүүр авах шаардлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 10:34:22

Орхон аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид “Эрдэнэт ДЦС” ТӨХК, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК, Хотын захирагчийн албаны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

“Эрдэнэт ДЦС” ТӨХК “Шарын гол” ХХК-иас нүүрсээ татаж авахдаа ашигладаг илчит хоёр тэрэг нь эвдэрчээ. Тодруулбал, ашиглалтын хугацаа нь дууссан байна. Иймд дахин тэрэг авахад хоёр тэрбум төгрөг шаардлагатай ажээ. Мөн дулааны шугамын нэвтрүүлэх диаметрийг өргөсгөх хэрэгцээ байгаа аж.  Нийт 3.2 метр шугам шинэчлэхэд таваас зургаан тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарчээ. Үүнээс гадна үнс хадгалдаг хоёр төхөөрөмжийн нэг нь дүүрсэн нөгөө нь таван жилийн дараа ашиглах боломжгүй гэнэ. Иймд үнсээ дахин ашиглаж барилгын материал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.  Тодруулбал, нэг тонн цемент үйлдвэрлэхэд 30 хувьд нь үнс ордог байна. Энэ нь БНХАУ-ын технологи юм. Үнсээ барилгын материал болгоход зургаан тэрбум төгрөг хэрэгтэй аж. Ийнхүү тус компани аймгийн удирдлагуудад тулгамдаж буй гурван асуудлаа хэлж холбогдох яамдад уламжилсан тухайгаа мэдээллээ. Дашрамд дурдахад, тус компани эхний гурван улирлын байдлаар дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлээсээ 3.8 тэрбум төгрөгийн алданги хүлээжээ.

 

相关新闻