Баянхонгор сумын орлогын төлөвлөгөө тасарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор сумын ИТХ-ын ээлжит III хуралдаанаар Баянхонгор сумын 2016 оны төсөвт тодотгол хийх тухай, мөн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцлээ.
Баянхонгор сумын 2016 оны орон нутгийн орлогыг тодотгох саналд нийт 20 сая 424 мянган төгрөгийг хасах саналыг Санхүүгийн албаны дарга Б.Бат-Ирээдүй танилцуулсан. Тодруулбал, улирагч онд Орон нутгийн орлогод төвлөрүүлэх байсан ИОТТХ (Иргэний орлогыг нь тодорхойлох боломжгүй) татвар 5.5 сая төгрөгөөр, Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 1.7 сая төгрөг, Бууны албан татвар таван сая төгрөгөөр гэх зэргээр тасарсан байна. Ийнхүү төлөвлөгөө тасрах болсон нь Бууны албан татвараас төвлөрүүлэх орлогыг сумын хэмжээнд байгаа буу эзэмшигч нарын тооноос өндөр оногдуулсан. Хүү торгуулийн хувьд Өршөөлийн хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор хяналт шалгалт хийгдээгүйгээс шалтгаалсан гэдэг тайлбар байгаа юм. Харин Төлөөлөгч Ж.Уламбаяр, Ч.Гомбодорж нар “Баянхонгор сум өөрийн зүгээс орлого төвлөрүүлэх тооцоо саналаа аймгийн Татварын газарт оруулдаггүй. Зөвхөн Татварын газрын батлаж ирүүлсэн төлөвлөгөөг биелүүлэх амьгүй албат мэт санаачлага, хариуцлага дутмаг ажиллаж байгаа нь энэ байдалд хүргэжээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ийнхүү хэлэлцсэний эцэст Баянхонгор сумын 2016 оны Орон нутгийн орлогоос хасах тухай оруулсан саналыг хэвээр баталлаа.
Дарааллын дагуу сумын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэв. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бараа үйлчилгээний бусад зардалд нэг сая төгрөг, төлбөр хураамжид 612 мянган төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Харин Засаг даргын нөөцөд 4.1 сая төгрөг, төлбөр хураамж 725 мянган төгрөг, багийн шуудан холбоо, интернетийн зардал зэрэгт нийт 12.8 сая төгрөгийг тодотгуулахаар санал оруулсан юм. Ингээд олонхийн саналаар Баянхонгор сумын 2017 оны төсвийн тодотголыг оруулж ирсэн хувилбараар батлав.
Б.Мөнхзул