Хорих 423-р ангид 150 ширхэг ном хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-28 15:45:52
Yesukheitumur Tumurbaatar

Нийгмийн хариуцлагыг ухамсарлагч буриад залуучуудын нэгдэл болох “Амин тоонто” төрийн бус байгууллагаас “Номын цагаан буян дэлгэрэг” ном хандивлах аяныг зохион байгуулсан аж. Уг аяны хүрээнд 150 ширхэг ном цугларсан бөгөөд Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 423 ангид хандивлажээ.

Хорих ангид ял эдэлж буй хоригдлуудаас цөөхөн хэдэн дээд боловсролтой байдаг бөгөөд дийлэнх нь боловсролгүй байдаг аж. Энэ байдлаас шалтгаалан эргэж хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг гэнэ. Иймд тэдгээр эрх чөлөөгөө хасуулсан хоригдлуудад дахин алдаа гаргахгүй байхад нь туслах үүднээс мэдлэг оюун болоод төлөвшилт хүмүүжилд номоор дамжуулан нөлөөлөх чухал ач холбогдолтой хэмээн “Амин Тоонто” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Зоригтбаатар онцолсон юм.

Цаашид номоор дамжуулж хорих ял эдэлж байгаа ялтнууддаа хүмүүжлийн эерэг нөлөөлөл үзүүлэх, номын сангийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, номын фонд бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил зохион байгуулахаас гадна бусад хорих ангиудаас ялгарах стандартын шаардлага хангасан жишиг номын сантай болох зорилт тавин ажиллаж байгаа гэж ШШГАлбаны хорих 423-аар ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Э.Доржсүрэн хэллээ. Өнөөдрийн байдлаар тус хорих ангид нийт 200 гаруй хоригдол ял эдэлж байна. Түүнчлэн номын сангийн хувьд 60 хүний суудалтай уншлагын танхимд 1600 гаруй номын фондоор үйл ажиллагааг явуулж байна.

Т.Есүхэйтөмөр

相关新闻