Хүүхдийн эмнэлэг барихад зориулж хандивын тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"Энхрий үрс халуун сэтгэл" ТББ-аас "Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе" хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж буй.
Аяны хүрээнд тус ТББ-аас бүх оддын хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тэд тоглолтоос олсон орлогоо Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Тахилтад барьж байгаа 100 ортой "Ард түмний эмнэлэг"-ийн санхүүжилтэд нэмэрлэх гэнэ.
"Энхрий үрс халуун сэтгэл" ТББ-ын тэргүүн О.Энхмаа, "Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламжийг ойртуулах зорилгоор бид "Ард түмний эмнэлэг" нэртэй цогцолбор эмчилгээний төвийг барьж байна. Одоогийн байдлаар барилгын ажил 20 хувьтай яваа. Нийт 600 сая төгрөгийн ажил хийгээд байна. Барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд нийт 9 тэрбум төгрөг шаардлагатай. Ирээдүй хойчийнхоо төлөө санаа зовдог иргэн бүрээс бид хандив, тусламж хүсч байна" гэв.
Тоглолтын ивээн тэтгэгчээр "Измони" ХХК ажиллаж байгаа бөгөөд Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Д.Батсүх, Д.Жагдаг, Соёлын тэргүүний ажилтан Т.Амина, Х.Батмэнд, дуучин С.Бичүү, П.Баярцэнгэл, цэнгээнт бүжгийн "Moon dance", "Улаан сарнай" хамтлаг болон бусад уран бүтээлчид оролцож уран бүтээлээ толилуулахаар болжээ.
Б.Гаваа
Гэрэл зургийг Н.Батбаяр