"SINOPEC" компанийн захирал асанд 15 жилийн хорих ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “China Petroleum and Chemical Corporation” буюу “Sinopec” компанийн тэргүүн асан Ван Теньпу-д авлигын хэргээр 15 жил 6 сарын хорих ял оноолоо.
Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Наньчан хотын шүүхээс өнөөдөр гаргасан шийдвэрт дурдсанаар, Ван овогтод 468300 долларын торгууль ногдуулсан бөгөөд хууль бусаар олж авсан бүх хөрөнгийг нь хураан авах ажээ.
2003-2004 онд Ван Теньпу өндөр албан тушаал хашиж байхдаа бизнесийн янз бүрийн үйл ажиллагаа, төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүмүүсийг ажилд авсныхаа хариуд мөнгө болон бусад зүйлийг авдаг байжээ.
Хээл хахууль авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сард түүнийг Хятадын Коммунист намаас хөөжээ.
Си Зиньпин 2012 онд БНХАУ-ын дарга болсныхоо дараа Коммунист намын өндөр дээд албан тушаалтнууд, зэвсэгт хүчнийхэн болон төрийн мэдлийн компаниудын удирдлагуудыг онилон авлигатай тэмцэх томоохон кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн юм. Тэр үеэс хойш олон мянган хүнийг намаас хөөгөөд байна.
Авлига авах нь Хятадад ялын дээд хэмжээ оноохуйц хүнд гэмт хэргүүдийн тоонд ордог юм.
“Sinopec” бол Хятадын нефть, байгалийн хийн хамгийн том компани. Тус компани нь нефть ба байгалийн хий олборлох, газрын тосыг цэвэршүүлэх, нефтийн түүхий эдээс химийн бүтээгдэхүүн гарган авах, бордоо хийх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Г.Доржханд