Мэдээллийг шуурхай солилцдог болсноор үйлчилгээний чанарт ахиц гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-23 10:37:05

Дорноговь аймгийн ЭМГ-аас эмнэлэг хооронд мэдээлэл шуурхай солилцох хариу арга хэмжээг  2016 оны 12 дугаар сараас эхлэн мөрдөж, хэвшүүлж байна.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үйлчлүүлэгчдээс тавьж байгаа санал гомдлыг хүлээн авч, хаана ямар эмнэлэгт хүнд өвтөн байгаа талаар, ямар эмнэлгийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэх хэрэгтэй байгааг аймгийн ЭМГ-ын даргад өдөр болгон уламжилдаг болсноор  цаг алдалгүй хариу арга хэмжээ авч, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж эхэлсэн аж.

Жишээ дурдахад тус аймгийн Өргөн сумаас хоёр настай хүүхэд хүнд өвчтэй Нэгдсэн эмнэлэгт ирэхэд эмч нар үзээд хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гэжээ.

Гэтэл хүүхдэд шаардлагатай замын зардал хэрэгтэй байсан тул албаныхан сумын Засаг дарга руу нь ярьж хөрөнгө санхүүг шийдвэрлүүлснээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн машиныг гаргаж Улаанбаатар  хотын Эх  нялхсын төвд шуурхай хүргэж,  хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж чадсан байна.

Мөн Иххэт сумын харьяат жирэмсэн эхийг Улаанбаатар хот руу яаралтай хүргэж өгөх мэдээллийг хүлээн авч сумын Засаг даргатай нь, эмнэлэгтэй нь  цаг алдалгүй холбогдож ярилцаад жирэмсэн эхийг Улаанбаатар хот руу хүргэж, эмнэлгийн тусламжийг  шуурхай хүргэжээ.

Энэ мэтээр үйлчлүүлэгчийг чирэгдүүлэхгүй байх, чанартай, шуурхай үйлчилгээг хангаж ажиллаж байгаад иргэд ам сайтай байна.

Дашрамд дурдахад Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллага гурван жил дараалан эхийн эндэгдэлгүй ажилласнаас гадна хүүхэд нялхсын эндэгдлийг улс,аймгийн түвшинд бууруулж чадсан амжилт гаргажээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻