Хууль бусаар архи борлуулж байгаа эсэхэд шалгалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар Цагдаагийн газартай хамтран тус аймгийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа зарж борлуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ.
Энэ үеэрээ иргэдийн мэдээлэл өгсний дагуу таван айлд нэгжлэг хийж нэг өрхөөс нэлээн хэмжээний архи, согтууруулах ундаа хураан авсан байна. Гэрээр буюу зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар согтууруулах ундаа зарж борлуулдаг айл өрх, дэлгүүрийн мэдээлэл тус аймгийн Даланзадгад сумын хэмжээнд нэлээн байдаг. Харин уг шалгалтын үеэр нэгээс бусад нь согтууруулах ундааг зарж борлуулдгаа больсон гэх мэдээллийг өгч байсан гэнэ.
"Тус шалгалтын үеэр аймгийн хэмжээнд гурван төрлөөр савласан 3500 ширхэг "Gold Chingis" архийг битүүмжилсэн. Тус архины дээжээс зургаан ширхгийг аймгийн итгэмжлэгдсэн лаборторт шинжлүүлэхэд стандарын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан байгаа" гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч Ц.Оюунчимэг ярилаа.
Д.Мишигсүрэн