Орхон аймагт “В вирусгүй нярай” төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН“Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аяны хүрээнд энэ онд Орхон аймагт “В вирусын халдваргүй нярай” төсөл хэрэгжинэ. Үүнд орон нутгаас 30 сая төгрөг төсөвлөлөө.
Орхон аймагт жилд дунджаар 2.800 эх амарждаг бөгөөд үүний 11.8 хувь буюу 300 нь В вирусын халдвартай байх магадлалтай гэнэ. Мөн төдий тооны хүүхэд эхээсээ В вирусын халдвар авах эрсдэлтэй гэсэн урьдчилсан таамаг байна. Өөрөөр хэлбэл жил бүр Орхон аймагт В вирусын халдвартай иргэн 300-аар нэмэгдэж байна. Төрөх үедээ В вирусын халдвар авбал 90 хувьд нь өвчин архагшиж, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдар үүсэх эрсдэлтэй юм. Иймд В вирусын халдвартай эхээс төрсөн нярай бүрийг В вирусын эсрэг вакцин болон В вирусын иммуноглобулинаар дархлаажуулснаар халдварын эрсдэлийг 90 хувиас 1.1 хувь болтол бууруулах юм.
Төслийн дүнд Орхон аймагт шинээр төрөх 300 нярай В вирусын халдвараас хамгаалагдаж чадна.
Б.Оюун-Эрдэнэ