Орхон аймаг БНСУ-тай хамтарч орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБНСУ-ын Шихэн хотын төлөөлөгчид энэ сарын 19-нд Орхон аймагт ажиллалаа. Тэд гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлыг Орхон аймагтай хамтран хийхээр тохиролцсон бөгөөд үүний хүрээнд зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй уулзлаа.
Орон нутгийн удирлагууд гэр хороололд орон сууц барих боломжтой таван байршлыг танилцуулсан юм. Тодруулбал, 2400 айлын орон сууц барихаар төлөвлөөд буй 7А хорооллын нийт газрын 40 гаруй хувьд нь БНЧУ-тай хамтран орон сууц барьж байгаа бөгөөд эхнээсээ ашиглалтад орсон. Үлдсэн хэсэгт нь БНСУ-ын Шихэн хоттой хамтран орон сууцны хороолол барих боломжтой гэж үзжээ.
Мөн авто машины журмын хашаа буюу “Танил” техникийн зах орчмын 55х60 метр талбай, “Эрдэнэт хивс” компанийн замын эсрэг талын таван га газар болон Цэнгэлдэх хүрээлэн орчмын зарим хэсэгт орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж ГХБХБГ-ын дарга Г.Цолмон хэллээ.
Шихэн хотын төлөөлөгчид эл мэдээлэлтэй танилцсаны дараа эргэн холбогдож хариу өгөхөө мэдэгдсэнээр уулзалт өндөрлөлөө.
Б.Оюун-Эрдэнэ