Хүнсний 21 төрлийн бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас санаачлан “Эрүүл хүүхэд-аюулгүй хүнс” аяныг зохион байгуулж буй тухай өмнө мэдээлсэн. Хоёр сарын турш үргэлжилсэн аяны дүн саяхан гарч, 8 нэрийн 21 төрлийн 23,3 мянган ширхэг 2,1 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.
Тэд урд хөршөөс жижиглэнгийн хүнсний зүйл, тухайлбал чихэр, чипс, цэлцгэнүүр оруулж ирдэг худалдаа үйлчилгээний жижиг цэг салбарыг түлхүү хамруулсан байна. Хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангаагүй, гарал үүслийн бичиг тодорхой бус, ариун цэврийн шаардлага хангаагүй газарт худалдан борлуулалт хийж байгаа болон сав боодол баглаа шошгоны мэдээлэл Хятад хэлээр ойлгомжгүй бичигдсэн зэрэг зөрчил нэлээд илэрсэн тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагч Э.Алтанбагана ярьж байлаа.
Мэргэжлийн хяналтын газрынхан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнуудад аяяны хүрээнд хийсэн ажлын талаар болон хоол хүнсний гаралтай өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай сургалт хийж, сурагчдад хүнсний шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг сурталчлав. Мөн “Тулгамдсан асуудал-шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж холбогдох байгууллага болох аймгийн ЗДТГ, Гаалийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, импортлогч аж ахуйн нэгжүүд, худалдаа эрхлэгчдийг хамруулан мэдээлэл өгч, сэрэмжлүүлэг, гарын авлагыг тараав.
Хяналт шалгалтад нийт 61 аж ахуйн нэгж, иргэн 135 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Б.Туяа