15 малчныг aймгийн аваргаар шалгаруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬУлсын сайн малчин шалгаруулах болзолд өөрчлөлт орж, улсын аварга малчин шалгаруулах болсонтой холбогдуулан Дундговь аймгийн сайн малчин шалгаруулах журмыг шинэчлэн гаргасан байна.
Энэ тухайд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н. Эрдэнэ- Очироос тодруулахад, аймгийн аварга малчин шалгаруулах болзолд оруулсан өөрчлөлт нь тухайн малчны аймаг, сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг илүү тодорхой болгосон. Мөн хоёроос доошгүй шавь малчин төрүүлж, өөрийн мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай авч малынхаа эрүүл мэндэд анхаарсан, сумын сайн малчин болсноос хойш 3 жилийн дараа аймгийн аварга малчинд тодорхойлохыг тусгасан гэлээ.
Энэ жил аймгийн аварга малчнаар 15 малчныг өргөмжилнө. Сумдаас хоёроос доошгүй малчны тодорхойлолтыг нэгдүгээр сарын 20 хүртэл хүлээн авна. Аймгийн ХХАА-н газар малчдын тодорхойлолтыг үндэслэн шалгаруулаад Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээр дамжуулан Засаг даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх юм байна.
Т. Отгонтуяа