Үнэ хөнгөлсөн эмийг 21 эмийн сангаар олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-16 20:49:49

Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 0- 5 хүртэлх насны хүүхдэд уулгах дан найрлагатай эмийн үнийг хөнгөлөх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ЭМГ-ын даргын албан бичгээр эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

Үнийг нь хөнгөлөх эмийн жагсаалтад ампициллин (Х), амоксициллин (Х), тетрациклин, сальбутамол, ибупрофен, парацетамол, азитромицин, амброксол, ацетилцистейн зэрэг 30 эмийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас зуун хувь хөнгөлөхөөр жагсаажээ.

Дундговь аймгийн хувьд үнийг нь хөнгөлсөн эмийг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч нарын жороор 15 сумын эм эргэлтийн сангаас олгоно. Аймгийн төвд Монос, МНЧ, Эм импекс, Өсгөжирэм, Ар үр, Буяндэлгэр ХХК- ийн эмийн сангуудаар олгоно.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт буураагүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар амбулаторын үзлэгийн 12.2, яаралттай тусламжийн дуудлагын 20.9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн байгаа бөгөөд одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 гаруй хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгч бүх хүүхэд уушгины хатгалгаа оноштойгоор эмчүүлж байна.

Т. Отгонтуяа

相关新闻