Классик Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВКлассик Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах Төв аймгийн Солонго цогцолборт эхэллээ.
Классик Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа Төв аймагт болж байгаагаараа онцлогтой бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээнд 60-100 кг-ийн жинд Увс, Өвөрхангай, Дархан, Эрдэнэт, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Налайх, Багануур зэрэг есөн аймаг, дүүргээс гадна нийслэлээс 22 багийн нийт 250 гаруй тамирчид оролцож хурд хүчээ сорьж байна.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аваргаас 22, тивийн аваргаас найм, Олон Улсын хэмжээний мастер 24, спортын мастер 30 гаруй спортын цолтой тамирчид тус тус оролцож байна. Мөн энэ удаагийн тэмцээн өнгөрсөн жилүүдийнхээс арай өөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тамирчид хамгаалалтын хувцас хэрэглэлгүй шууд өргөж гэдгийг Төв аймгийн Биеийн тамир спортын газрын Ахлах мэргэжилтэн Д.Алтанхуяг тодотгож байлаа.
Цаашид уг нээлттэй тэмцээнийг аймаг орон нутагтаа өргөжүүлэн хөгжүүлэх, үүгээр дамжуулж залуусыг өв тэгш бие бялдартай болгохоос гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой учраас энэхүү спортод залуусын анхаарлыг хандуулж ажиллах нь зүйтэй хэмээн Төв аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр