Өнөөдөр чуулган хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-01-13 08:50:42

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдахгүй.

Ардчилсан үндсэн хууль баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байгаа тул УИХ-ын чуулган өчигдөр буюу энэ сарын 12-нд цаг сунган хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан бүх хуулийн төслийг хэлэлцэж дуусгасан юм. Энэ долоо хоногийн жагсаалтад 17 хууль, тогтоолын төсөл орсон бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авсан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан бол Чуулганы дэгийн тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр баталсан. Харин бусад буюу Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Арбитрын тухай зэрэг хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордонд Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах  арга хэмжээ болно. Мөн Үндсэн хууль хэлэлцэх үеийн архивын бичиг баримтын үзэсгэлэнг Төрийн түүхийн музейд нээх юм. Түүнчлэн 14.00 цагт Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Ч.Ариунболд

相关新闻