Ирэх гуравдугаар сард 580 сая ам.долларын зээл төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-12 21:33:53

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 16 гишүүн өнгөрсөн сарын 22-нд өргөн мэдүүлсэн. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн төсөлд ашигтай, хариуцлагатай байх гэж тусгах шаардлагатай байсан уу. Энэ чинь угаасаа банкны системд байх ёстой шаардлага биш үү гэсэн асуудлыг тодруулсан. Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Жавхлан хууль санаачлагчийн хувиар, "Хуулийн төсөлд ашигтай, хариуцлагатай байх гэсэн асуудлыг тусгайлан зааж оруулсан нь энэ хуулийн гол үзэл баримтлал юм. Өмнө нь Хөгжлийн банк хараат бусаар хариуцлагатай ажиллаж чадаагүй. Тиймээс энэ зарчмыг тусгаж оруулсан. Учир нь гадныхантай хамтарч ажиллахад хамгийн түрүүнд энэ зарчмыг шаарддаг" хэмээв.

УИХ-ын гишүүн Дамба-Очир, "Манай улс удахгүй 580 сая ам.долларын зээл төлнө. Тиймээс тус банк энэ асуудал дээр ОУВС болон зарим улс оронтой нягт хамтарч ажиллах хэрэгтэй" гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "580 сая ам.долларын зээл чинь хэзээ авсан зээл вэ, хэрхэн төлөх вэ" гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, "580 сая ам.долларын зээл төлөхтэй холбогдуулж Сангийн яам, Хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Зээлийг ирэх 3 дугаар сарын 21-нд төлнө. Тиймээс гурван төрлийн төлөлтийн хувилбар гаргаад ажиллаж байна. Төлөлт хийх өдөр тэдгээр ажлын хувилбарын аль нь манай улсад дарамт багатай байна, тэр хувилбарыг сонгож төлөлт хийнэ. Яриа хэлэлцээ хийж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ажлын шугамаар тайлбарлаж өгье" гэсэн тайлбар хийв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авсаны дараа хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх эсэх дээр санал хураалт явуулав. Ингэхэд 89,8 хувийн саналаар хуулийн төсөл дэмжигдсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Б.Туул

相关新闻