Малчин гэр бүл сумынхаа цэцэрлэгт тоглоом бэлэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн малчин Ц.Мөнхбаяр сумынхаа цэцэрлэгт 700 гаруй мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоглоом бэлэглэжээ. Бэлтгэл болон бага гурван бүлгийн хүүхэд бүрт хүрэлцээтэй, сэтгэхүй хөгжүүлэхэд зориулсан тоглоом байгаа тул сургалтад тустай хэрэглэгдэхүүн болж байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х. Цэрэн хэллээ.
Тэрээр, “Манай багш нар хүүхдийг тоглох явцад нь хөгжүүлэх сургалтын арга зүйг ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийг тоглох явцад нь ажиглалт хийн, тэмдэглэл хөтөлдөг. Тиймээс хүүхдүүдэд хүрэлцээтэй, олон төрлийн тоглоом шаардагдаж байгаа юм. Үүнд хувь нэмэр оруулж малчин Ц.Мөнхбаярынх өөрийн санаачлагаар тоглоом бэлэглэсэнд бид талархаж байна” гэлээ.
Малчин Ц.Мөнхбаяр дөч шахам настай, залуу малчдын нэг. 1998 оноос эхлэн мал маллаж, мал сүргээ 1400 гаруй толгойд хүргэн өсгөж, сумын сайн малчин болсон байна. Сумынхаа арав гаруй иргэнийг малжихад нь тусласан, сум орон нутагтаа зохион байгуулдаг спорт, урлагийн тэмцээн уралдаанд хандив өгдөг, өөрийн чадах хэмжээгээр сумынхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг хичээж явдаг тухайгаа тэрээр сэтгэгдэл хуваалцсан юм.
“Хүүхэд тоглож наадаж байж л аз жаргал дүүрэн харагддаг. Тэр хэрээр хөгжиж байдаг. Манайх цэцэрлэгийн насны хүүхэдгүй ч бусдын хүүхдийг хөгжихөд нь бага ч гэсэн хувь нэмэр оруулъя, хүүхэд баярлуулъя гэдэг үүднээс эхнэр бид хоёр тоглоом авсан” гэлээ.
Малчин Ц.Мөнхбаярынх Эрдэнэдалай сумаас зүүн тийш Эрэг цагаан дэл хэмээх нутагт өнтэй сайхан өвөлжиж байна.
Т. Отгонтуяа