Шинжилгээний хариуг интернетээр илгээдэг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-11 12:46:25

Дорноговь аймгийн иргэд  Нэгдсэн эмнэлгийн лабораторид шинжилгээ өгөхөөр ихээхэн дараалал үүсдэг байсныг арилгахаар Өрхийн эмнэлэг, сумын эмнэлгээс сорьц тээвэрлэх ажлыг Нэгдсэн эмнэлгээс санаачилж эхлүүлжээ.

Сорьц тээвэрлэхдээ Эрүүл мэндийн сайдын А93 тушаалын дагуу  орон нутгийнхаа онцлогт тохируулсан журам боловсруулж хэрэгжүүлж байгаа аж.  Салбарын сайдын тушаал нь зөвхөн цусны шинжилгээнд хамааралтай шийдвэр бол тус эмнэлэг зүрхний цахилгаан бичлэг, эсийн шинжилгээ, эдийн шинжилгээг давхар өгөхөөр  журамдаа боловсруулсан байна.

Ингэснээр шинжилгээ хийлгэхээр  сумын иргэд аймгийн төв  рүү ирэх бус  сумандаа цусаа өгөхөд сумын эмнэлэг аймгийн эмнэлэгт шинжилгээний дээжийг авчирч шинжлүүлдэг журамж шилжсэн байна.  Харин шинжилгээний хариуг түргэн хугацаанд интернетээр илгээдэг болсон нь ихээхэн дэвшил гэж албаныхан үзэж буй.

Мөн Дорноговь аймагт сүрьеэгийн өвчлөл их байдаг учир  зарим цусны, эсийн шинжилгээг хийх эмч боловсон хүчин дутмаг учраас сүрьеэгийн өвчлөл илрүүлэх цэрний шинжилгээ, сүрьеэгийн онош баталгаажуулах шинжилгээг сумаас аймгийн эмнэлэгт, аймгаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьегийн тандалт судалгааны алба руу сорьцыг зөөвөрлөж байгаа аж.

Дээрх үйлчилгээг үзүүлснээр шинжилгээ өгөх боломжгүй хэвтэрт гэртээ байдаг хүмүүсийн шинжилгээг харьяалах өрхийн эмнэлэг нь шинжлүүлдэг болсноор хүнд суртал багасаж, эмнэлэг зорих хүмүүсийн тоо цөөрөх, үйлчилгээний чанар сайжрах боломжтой боллоо хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг ярив.   

Х.Эрдэнэбулган

相关新闻