Үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг сум бүрээр шүүж илрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 10:20:38

Өвөрхангай аймгийн хэмжээнд 12000 гаруй тээврийн хэрэгсэл энэ онд үзлэг оношилгоонд орохоор төлөвлөгдсөн байна. Үүнээс 9927 тээврийн хэрэгсэл үзлэг, оношилгоондоо хамрагдаад байгаа юм.

Өвөрхангай аймагт бүртгэлтэй 17 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдгаас 8000 гаруй нь ӨВР гэсэн улсын дугаартай байдаг. Авто тээврийн газраас тэдгээрийн 50 хувийг буюу 4000 гаруй тээврийн хэрэгслийн программаар шүүж үзэхэд 1200 гаруй авто машиныг үзлэг, оношилгоонд оруулаагүй болох нь харагдаж байгаа аж. Тиймээс Өвөрхангай дугаартай бүх авто машиныг шүүн үзэж, үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг сумдаар нь илрүүлэн гаргасны дараа аймгийн Засаг даргад танилцуулан хариуцлагын шийдвэр гаргуулах гэнэ.

Мөн бүх сумдад үүрэг өгч, мотоциклийн тоог гаргаж байгаа ба бичиг баримтжуулах, үзлэг оношилгоонд оруулах, татварыг хураах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийн дагуу улсын дугаар аваагүй, оношилгоонд ороогүй, бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцвол 500 мянган төгрөгийн төлбөр тооцох учраас ийнхүү бүх мотоцикль, тээврийн хэрэгслийг албадан үзлэг, оношилгоонд оруулан татварыг төлүүлэхээр ажиллаж байгаа юм. Үзлэг, оношилгоогоор ихэвчлэн утаа тордог их гаргадаг, гадаад өнгө үзэмж, гэрлийн тусгал, тэнхлэгийн тохиргоо муу гэх зөрчлүүд илэрч байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн татвар төлөлт муу дүнтэй байна.

Б.Батчимэг

相关新闻