“Миний нутгийн бараа” дуунд зориулсан хөшөө Дэлгэрцогт сумын төвд байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууны нэг нь “Миний нутгийн бараа”. Энэ дуунд зориулсан хөшөө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвд байдаг.
Ардын уран зохиолч Ш. Сүрэнжав шүлгийг туурвиж, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн ая эгшиглүүлсэн энэ дуу ард түмний дунд “амьдарсаар” тавь шахам жил болж байгаа бөгөөд Монгол улсын гавъяат жүжигчин Банзрагч анх дуулж, ард түмнийхээ хүртээл болгосон түүхтэй. Тухайн цаг үедээ дуулагдаад үлдэлгүй үе үеийн дуучид дуулсаар, ард түмний дунд мартагдаагүй явааг мэдэрч, төрөлх нутгаасаа төрсөн хөгжмийн зохиолчийн бүтээлийг мөнхжүүлэх үүднээс Дэлгэрцогт сумынхан ийнхүү “Миний нутгийн бараа” дуунд зориулсан хөшөөг 2012 онд сүндэрлүүлсэн байна.
Дууны аяыг хөгжмийн зохиолч оюутан байхдаа зохиож, яруу найрагч Ш. Сүрэнжавд сонсгон шүлэг бичихийг хүссэн нь “Миний нутгийн бараа” дуу төрөх үндэс болсныг хөгжмийн зохиолч Д. Баттөмөр сонирхуулж байсан юм. Тэрээр, “Сүрэнжав маань үгийг илүүдүүлээ ч үгүй, дутаагаа ч үгүй, яг сайхан тааруулж зохиосон, тэгээд Улсын гавъяат жүжигчин сэтгэл хоногштол дуулж амьдруулсан болохоор дуу маань ард түмний дунд өнө удаан амьдарч байна” хэмээн хөшөөний нээлтийн үеэр сэтгэгдэл хуваалцаж байсан юм.
“Миний нутгийн бараа” хэмээх дууны үг, нотыг боржин чулуун дээр сийлж мөнхжүүлсэн энэ хөшөө дуунд зориулж сүндэрлэснээрээ Дундговь аймагт анхных болсон байдаг.
Т. Отгонтуяа