Ц.Марууш:"Ээжээ намайг эндээс гаргаж аваач ээ” гэж охин минь уйлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-07 15:52:53
oyuka_hu@yahoo.com

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн өнөөдөр Орхон аймгийн А.Амарын талбайд жагслаа. Уг жагсаалд 60 гаруй хүн цугласан байсан бөгөөд өдөр 12 цагаас 40 минут хэртэй үргэлжиллээ.

Т.Чимэгээгийн ээж Ц.Марууш хэлэхдээ, “Миний охин  ийм хэрэгт холбогдсон нь Амгаланбаатартай холбоотой. Амгаланбаатар нь миний охины нөхөр Бямбасүрэнгийн төрсийн эгчтэй нь нэг айлын өргөмөл хүүхдүүд. Тэд хамар хашаанд байсан хүмүүс. Өш хонзон байдаг юм уу бүү мэд ийм асуудал үүсчихлээ. Бид хууль үнэнийг олно гэж найдаж байсан. Гэтэл саяны шүүх хурлаар 24 жилийн ял ноогдууллаа. Үүнийг сонсоод миний ухаан балартах шиг болсон. Миний охин, "Ээжээ намайг эндээс гаргаж аваач ээ. Би ямар ч хэрэг хийгээгүй гээд уйлж байсан. Хаалгыг нь онгойлгож чаддаг бол охиноо гаргаад авмаар байна. Саяхан Чимгээтэй төрсөн ах нь очиж уулзсан. Тэгэхэд миний охин надад туслаач л гээд байсан” гэлээ.  

Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа: Миний хүү Хорих 461 дүгээр ангид удаа дараа дарамтлууллаа. Миний хүү өмнө нь шоронд орж байгаагүй. Ял эдэлж байгаагүй.  Гэтэл яагаад ийм хэрэгт холбогдсоныг ойлгохгүй байна. Амгаланбаатар 25 жилийн ялтай. Гэтэл хоёр хүнийг энэ хэрэгт “чирч байна”. Үүнийг бид эсэргүүцэж байна. Амгаланбаатартай хуулийн байгууллага, Тагнуулын газар ч холбоотой гэж бодож байна. Хоёр жил энэ хүнээр “тоглож байна”. С.Зоригийг нас барах үед миний хүү, аавтайгаа хамт  Эрдэнэтэдээ хөдөө өвс бэлтэж байсан. Манайх фермертэй байсан тухайн үед. 10 сарын 3-ний өдөр бас л өвсөө бэлтгэхээр явсан. Гэтэл одоо хүүг минь хэлмэгдүүлж байгаад харамсаж байна. Мөн 2006 онд Эрдэнэтэд айл шатаж 3 хүн нас барсаныг хүүг минь хэргээ баллах гэж ийм хэрэг хийсэн гэж тулгаж байна. Миний хүү хэлмэгдэж байна. Иймд бид Амгаланбаатарыг шалгуулмаар байна. Бид Дээд шүүхэд хандана, Өргөх бичиг өгнө. Ганц алх цохиод л 25 жилийн ял ноогдууллаа. 70 нас хүрэхдээ би ийм зүйл үзсэнгүй ээ гэж байлаа.

                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻