Хүнсний тухай хуульд өөрчлөлт орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гурван зүйлтэй. Төслийн нэгдүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай, хоёрдугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай, гуравдугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Өөрөөр хэлбэл, манай улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортолж буй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалт тавих зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураахад 87.0 хувь нь хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул