Зөвлөх зэргийн багш нар аймагтаа анхдагч болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-06 16:16:58

Дундговь аймаг Монгол Улсын Зөвлөх зэргийн багш нартай боллоо. Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн математикийн багш Ц. Ганхуяг, “Мандал” цогцолбор сургуулийн бага ангийн багш С. Даваажав нар мэргэжлийн зөвлөх зэргийн шалгуур хангаж, БСШУС- ын сайдын тушаалаар Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгосон байна.

Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгоход ЕБС- д багшаар 15 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, суралцагч бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүй, технологийг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Боловсролын технологийн хөгжлийн үндэсний санд бүртгүүлэн, туршлагаа дөрвөөс доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, зөвлөн туслаж, үр дүнд хүрсэн байх, суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд хамтын судалгаа хийж, дөрвөөс доошгүй сургуульд зөвлөн тусалсан байх гол шалгуур тавьдаг. Энэ шалгуурыг хангаж Дундговь аймгаас анх удаа ийнхүү хоёр багш мэргэжлийн Зөвлөх зэргийг авчээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн 25 багш мэргэжлийн тэргүүлэх зэргийн шалгуур хангаж, шинэ оныг  Дундговь аймгийн боловсролын салбар тэргүүлэх зэргийн багш нарынхаа эгнээг өргөжүүлсэн, анхны Зөвлөх зэргийн багш нартай болсон амжилтаар эхлүүлж байна.

Т. Отгонтуяа         

相关新闻