Измир хотод болсон дэлбэрэлтэд хоёр цагдаа өртөн амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИЗМИР. /Anadolu/. Туркийн баруун нутгийн Измир хотод пүрэв гарагт дэлбэрэлт болсны улмаас 11 хүн шархдаж, хоёр цагдаа амь үрэгдсэн байна..
Тус хотын дарга Эрол Аяылдыз мэдэгдэхдээ “энэ халдлагыг “Курдын ажилчны нам” террорист бүлэглэл үйлдсэн байх магадлалтай” гэв.
Шүүхийн байрны шалган нэвтрүүлэх цэг орчимд сэжиг бүхий автомашиныг цагдаа зогсоохыг оролдох үед террористууд гал нээж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Дараа нь террористууд болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд буудалцаан болжээ.
Түүний хэлснээр, хоёр террористыг устгасан бол нэг нь зугтсан байна.
Цагдаа нар хоёр “Калашников” буу, найман гар бөмбөг хураан авчээ.
Мөн энэ террорист халдлагатай холбогдуулан хоёр сэжигтнийг Измирт баривчилсан гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлэв. Туркийн хэвлэлүүдээр халдлагатай холбоотой мэдээ мэдээллийг цацахыг хориглосонтой холбоотойгоор эх сурвалж нэрээ нууцалжээ.
Г.Доржханд