Чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 11 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоол, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл оржээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна.
Харин хэлэлцэх асуудлын төгсгөлд Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Ерөнхий сайдын Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл орсон байна.
Ч.Ариунболд