Колумб улс "ФАРК"-ийн босогчдод өршөөл үзүүлэх тухай хуулийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-01 11:36:38

БОГОТА. /PrensaLatina/. Засгийн газрыг эсэргүүцэн босогчдод өршөөл үзүүлэх тухай хуулийг Колумб улсын Конгресс баталжээ.

Колумбын Засгийн газар болон тус улсын босогчдын хамгийн том бүлэглэл болох “Колумбын хувьсгал зэвсэгт хүчин” /ФАРК/ хооронд байгуулсан энхийн төлөвлөгөөг эцэслэн батлахыг өнгөрөгч оны 10 дугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын ихэнх нь дэмжээгүй юм. Харин тус улсын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос 2016 оны Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэний дараа талууд хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцоонд хүрсэн билээ.

Энхийг хэлэлцээг үргэлжүүлэх хүчин чармайлтын хүрээнд тус улсын Сенат болон Төлөөлөгчдийн танхим босогчдод өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг энэ долоо хоногт баталсан байна.

Уг хуулийн хүрээнд, иргэний дайны үеэр гэмт хэрэг үйлдсэн “ФАРК”-ийн 7000 орчим босогчийг ялаас өршөөн хэлтрүүлнэ. Харин хүнд гэмт хэрэг үйлдсэн, тухайлбал хүний аминд хүрсэн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийг өршөөлд хамруулахгүй аж.

1960-аад оны үед газар өмчлөх эрхтэй холбоотойгоор бослого гарснаар Колумбын Засгийн газар болон "ФАРК" бүлэглэлийн хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянган хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дайжихад хүргэсэн юм.

Г.Доржханд
 

相关新闻