Хөгжлийн банкны талаарх тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 14:59:50

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны завсарлагаанаар Эдийн засаг болон Төсвийн байнгын хороо хамтарсан хуралдаан болж, "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуралдааны эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн учир зарчмын зөрүүтэй саналаар санал хураахаар боллоо гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан уг тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүсэн өр авлагын тооцоог энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суулгах замаар эцэслэн шийдвэрлэж” гэж өөрчлөн найруулах саналын томьёолол гаргаснаа тайлбарлалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир байнгын хороодын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

 

相关新闻