Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссанаар гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Л.Болд "Монгол Улс дэлхийн жишигт нийцсэн дэвшилттэй ололтоос ухарч байгаад харамсаж байна. Гадаадын иргэн харьяатын газар хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлээд жигдэрч байхад дахин салгалаа. Би энэ ухралтыг засах хуулийн төслийг боловсруулж өргөн барина" гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хилийн алба шалган нэвтрүүлэх үүргээ гүйцэтгэж, Гадаадын иргэн харьяатын газар виз болон ачаа тээшийн зөрчилтэй тохиолдолд хяналт тавьж, мэдээллээ харилцан солилцож урьдын адил уялдаа холбоотой ажиллана" гэж тайлбарлав.
Ингээд хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан юм. Дараа нь нийт гишүүдийн 88.2 хувийн саналаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулиудыг баталлаа. Харин энэ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аас “Хэлэлцэх боломжгүй” гэж үзсэн учраас төсөл санаачлагчид буцаалаа. Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.
Хилийн тухай хууль нь 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
Н.Туяа