Б.Амгаланбаатарыг Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-28 12:56:49

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Б.Амгаланбаатарыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Нэр дэвшигч Б.Амгаланбаатар 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль төгсөж баклавар, 2008 онд Монголын Үндэсний дээд сургуульд суралцаж эрх зүйн магистр, 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Удирдлагын академи төгсөж удирдлагын менежер цол, боловсрол тус тус эзэмшжээ. Тэрээр 1993-2002 онд Нийслэлийн Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, 2002-2007 онд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2007-2008 онд Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, 2012 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, 2014-2015 онд Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн прокуророор ажиллажээ. Б.Амгаланбаатар нь Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзэж, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлжээ. 

Асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн дийлэнх нь нэр дэвшигчийг шударгаар ажиллахыг захьсан ба ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.

Б.Амгаланбаатарыг Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар зөвшилцөнө гэсний дагуу ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаанаар ийнхүү хэлэлцээд, УИХ-ын дүгнэлтийг Ерөнхийлөгчид бичгээр хүргүүлэхээр болов.

Б.Туул

相关新闻