3.2 их наядыг төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй зээлд олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-27 15:12:28

УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр гишүүдээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Д.Дамба-Очир гишүүн "Засгийн газар, Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй үүссэн өр авлагын тооцоог энэ сарын 31-ний өдрөөр эцэслэн шийдвэрлэнэ гэдэг нь компаниудын өрийг хаах гэж байгаа юм уу" хэмээн тодруулсан бол Б.Элдэв-Очир гишүүн "Хөгжлийн банк Эдийн засгийн байнгын хороонд ямар компани хэдэн төгрөгийн зээл аваад, яг хэдийг төлж байгаа, найдваргүй зээлдэгч нь хэд байгааг урьдчилсан байдлаар танилцуулсан дүгнэлт гаргах хэрэгтэй" гэсэн саналыг хэлж байлаа.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжүүлэх төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Үүнийг компаниудын өр авлагыг хаах нь гэж ойлгож болохгүй” гэдгийг  анхааруулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ тэр асуудлыг судалж шалгаж байгаа. Шинэ оноос өмнө дүгнэлтээ гаргаж танилцуулна" гэж байв. 

Үүний дараа Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураалт явуулав. УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн “Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд биш 500 сая төгрөгөөр нэмэх ёстой” гэсэн санал гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Ингээд байнгын хороодын анхны хэлэлцүүлэг хийсэн санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

相关新闻