Томуу ихэсч, эмнэлэгүүд ор нэмж бэлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬТомуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан эмнэлэгүүдэд нэмэлт ор гарган, сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтгэлийн бодис хуваарилах зэргээр Дундговь аймгийн ЭМГ тодорхой зохицуулалт хийж эхэлжээ.
Энэ сарын дунд үеэр томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 6, дуудлагын 10 хувийг эзэлж байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлч гэхэд амбулаторийн нийт үзлэгийн 21.3, дуудлагын 33.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж, өвчний дэгдэлт эрс ихэссэн байна.
Томуугийн өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг, халдварт, мэдрэлийн тасагт нийт 40 ор, 15 сумын Эрүүл мэндийн төвд 2-5 орыг тус тус нэмж, нөөцөд бэлтгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн тасаг нийт 52 хүүхэд хүлээн авсаны 10- ыг халдвартыг тасагт хэвтүүлэн эмчилж эхэлжээ.
Мөн Нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн өрхийн Эрүүл мэндийн төвүүд болон ЕБС, цэцэрлэгүүдэд халдваргүйтгэлийн бодис хуваарилан өгсөн байна. Эхний ээлжинд томуугийн эсрэг 30 тун вакциныг нөөцөөс гарган 6 сараас дээш насны хүүхэд болон насан хүрсэн иргэдэд хийсэн бол нэмж ХӨСҮТ- д вакцин захиалаад байгаа ажээ.
Томуугийн харуулдан тандалтын журмын дагуу Нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн өрхийн эрүүл мэндийн төвүүдээс өдөр бүр, 15 сумын эрүүл мэндийн төвөөс 7 хоног тутамд томуу, томуу төст өчний мэдээг авч, дүгнэлт хийн, хяналт тавьж ажиллаж байгааг ЭМГ- аас мэдээллээ.
Т. Отгонтуяа