Харшийн сүлд модны наадмыг анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, “Жаахан шарга” ХЖТ хамтран тэргүүний хүүхдүүдийн “Мөрөөдлийн шинэ жил” харшийн сүлд модны наадмыг анх удаа амжилттай зохион байгууллаа.
Харшийн сүлд модны наадамд Баруун-Урт сумын 1,2,3,4-р БДС, МСҮТ, Хүүхдийн оролцооны байгууллага, зорилтот бүлгийн гээд шилдэг 400 хүүхэд оролцлоо. Мөн эдгээр 400 хүүхэд дундаас аймгийн 2016 шилдэг 9 хүүхдийг шалгаруулсан юм. Аймгийн 2016 оны Оюунлаг хүүхдээр 1-р БДС-ийн 4а ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ, 4-р БДС-ийн сурагч С.Тамир, Тамирчин хүүхдээр 2-р БДС-ийн 11в ангийн сурагч Л.Тэмүүлэн, 1-р БДС-ийн 12б ангийн сурагч Э.Энхсаран, Бүтээлч хүүхдээр 1-р БДС-ийн 11г ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ, Авьяаслаг хүүхдээр 3-р БДС-ийн 12а ангийн сурагч Б.Сумъяа, 4-р БДС-ийн 11г ангийн сурагч Т.Цэндсүрэн, Удирдагч хүүхдээр 2-р БДС-ийн 12в ангийн сурагч Г.Номин, 3-р БДС-ийн 12а анги Ц.Анударь нар шалгарлаа.
Шилдэг хүүхдүүд тусгай автобусаар хүргүүлэн, мөсөн хотхон дундуур дамжин улаан хивсэн дээгүүр алхлан ирсэн нь энэ наадмын нэгэн чимэг, бас онцлог байлаа. Мөн Жаахан шага театрын уран бүтээлчид Маша баавгай, Ну Погоди, Нойрсож буй гүнж, Гринч, Шрек, Мөсөн хатан зэрэг үлгэрийн баатруудыг амилуулан урлагийн тоглолот сонирхуулсан нь хүүхдүүдийн сэтгэлд ихээр нийцэж, баярын уур амьсгалыг халуун дулаан болгож байлаа.
Аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаатар хэлэхдээ "Олон жил яригдсан хүүхдийн хашийн сүлд модны наадмыг анх удаа амжилттай зохион байгууллаа. Хүүхдүүд маань сэтгэл хангалуун байна. Анх удаа гэдэг утгаараа энэ жил зөвхөн аймгийн төвийн сургуулийн хүрээнд хийлээ. Ирэх жилээс аймаг, сумдын бүх сургуулийн шилдэг хүүхдүүдийг хамруулах болно. Ер нь "Мөрөөдлийн шинэ жил" хүүхдийн харшийн сүлд модны наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно " гэсэн юм.
Харшийн сүлд модны наадамд оролцох урилгыг аймгийн ИТХ, ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Улаан загалмайн хороо, Эрчим хүчний газар, Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Цаг уур орчны шинжилгээний төв, Авто тээврийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, “Талын гал” ХХК, НИК, 1-р сургууль, 2-р сургууль, 3-р сургууль, 4-р сургууль, МСҮТ, Хөгжимт жүжгийн тeатр зэрэг байгууллагууд авч хүүхдүүдэд хүргүүлжээ. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс зорилтот бүлгийн 15 хүүхдийг урилгаар оролцуулсан байна.
Т. Одончимэг