Цагаан зээрийн амьдрах орчныг хамгаалалтад авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-26 17:43:47

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод “Түмэн хаан-Шалз” Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын төслийнхөн хуралдав. Төслийн багийнхан ирэх 2017 онд цагаан зээрийн амьдрах орчны хамгаалалтыг ландшафтын түвшинд хангах талаар анхаарч ажиллахаар болсон байна. Ингэснээр энэ ажил манай улсад төдийгүй олон улсад туршлага болохуйц ажил болно гэдгийг мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

“Түмэн хаан-Шалз” ОНТХГ-т Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын хилийн зааг орчмын нийт 347,743 га талбай хамаарагддаг. Энэ нутаг дэвсгэр нь Монголд төдийгүй дэлхийд ховорт тооцогддог Дагуурын хээрийн өвөрмөц эко системийг бүрдүүлдэг, цагаан зээрийн төллөх, идээшлэх гол нутаг юм. Түүнээс гадна тарваганы нөөц, нүүдлийн шувуудад чухал газар учраас гэрээгээр хариуцан хамгаалах байгалийн нөөцийн хамтын менежментийн 15 нөхөрлөлийг нутгийн иргэдийн санал санаачилгад тулгуурлан байгуулжээ. Тэдний хариуцан хамгаалах талбайг нарийвчлан тогтоож, холбогдох сумдын Засаг дарга нарт хариуцуулж өгснөөр дээрх нөхөрлөлд одоогоор 110 өрх 160806,6 га талбайг хариуцан ажиллаж байна.

-Уг төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, орон нутгийн засаг захиргаа болон нутгийн иргэдийн оролцоог  сайжруулах, тэдний чадавхийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр болж байна гэж аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар онцолж байсан.

Зүүн бүс нутагт Дорнод аймгийн Баян-Уул суманд “Дун хаан Шалз”, Цагаан-Овоо суманд “Тосон хулстай”, Хэнтий аймгийн Норовлин суманд “Түмэн хаан–Могой шил” зэрэг Орон нутгийн тусгай хамгаалалттай газруудад НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл 2013 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж, үр дүнгээ өгч байна.

                                                                                                                                        Б.Туяа

相关新闻