Уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-21 18:01:58

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн нар уул уурхайн улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал, дүгнэлтийг боловсруулсан байна. Тэрбээр, "Өргөдлийн байнгын хороонд иргэдээс уул уурхайн үйл ажиллагааны их хэмжээний тэсэлгээний дуу чимээ, тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байгаа тул хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцон, учирсан гэм хорыг арилгуулах, асуудлаар өргөдлүүд тогтмол ирүүлж байна.

Байнгын хорооноос Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, боловсронгуй болгох асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх саналтай байна" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аж ахуйн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаанаас болж Монголын хамгийн урт гол болох Орхон голын бохирдлын асуудал болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авсан эсэх, ямар дүгнэлт гарсан тухай холбогдох албан тушаалтнуудаас тодруулав. МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өгсөн тайлбартаа, энэ оны 8 дугаар сараас хойш ажлын хэсэг 3 удаа ажилласан бөгөөд Орхон голтой холбоотой тайлан хараахан ирүүлээгүй байна гэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэлээс нөхөн сэргээлтийн асуудал орхигдсон байдаг үүнтэй холбогдуулан бичил уурхайг цаашид хэрхэхийг тодруулав. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба өгсөн тайлбартаа "Орон нутгийн ИТХ-аас тогтоол гардаг, энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцдэггүй. Бичил уурхайн нэрийн дор байгаль сүйтгэж байгаа нь үнэн. Энэ ажлыг таслана зогсоох ажил явагдаж буй хэдий ч бодит үр дүнд хүрэхгүй байна. Иймд хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага тулгараад байна" гэв. 

Гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа Өргөдлийн байнгын хорооноос Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын батлав. Тогтоолийн төсөлд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг холбогдох этгээдээр нөхөн сэргээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах, хяналтыг сайжруулах; Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч эзэнгүй орхигдсон газрын тооллогыг дахин явуулж, мэдээллийн санг шинэчлэх, нөхөн сэргээлт хийх асуудлыг судалж шийдвэрлэх; Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагууд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, үр дүнг тооцох талаар ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, тоон мэдээллийг нэгдсэн журмаар гаргах зэрэг арга хэмжээ авах тухай тусгагдсан байна.

Н.Туяа

 

相关新闻