Тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажилд орон нутгийн төсвөөс 2.5 сая төгрөг төсөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний газар “Хамтдаа тэмүүлэх гэрэлт ирээдүй”, “Архи тамхидалтын эсрэг ассиоциаци” ТББ-тай хамтран тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ жил 42 иргэнийг бүртгэж халуун хоол, дулаан байраар хангахаар болжээ.
Орон гэргүй тэнэмэл иргэдийг энэ оны 11 дүгээр сараас ирэх оны хоёрдугаар сар хүртэл дээрх төрийн бус байгууллагын байранд байрлуулна. Ингэхдээ эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ар гэрийхэнтэй нь уулзах, хувцас хэрэглэлээр хангадаг ажээ. Эл ажилд орон нутгийн төсвөөс 2.5 сая төгрөг төсөвлөжээ. Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх ажил Орхон аймагт 2012 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 103 иргэнд үйлчилжээ. Хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийг насжилтаар авч үзвэл 25-58 насныхан байна.
Б.Оюун-Эрдэнэ