Алдар цолтой ахмадуудын нэмэгдэл буурахгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-16 16:44:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулж Ахмад настны   нийгмийн хамгааллын тухай хуулиас алдар цолтой ахмад настанд үзүүлэх мөнгөн   тусламж, хөнгөлөлттэй холбоотой зохицуулалтуудыг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуульд тусгах шаардлага гарчээ.

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон  гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар  улс  эх орноо хөгжүүлэх,  бүтээн байгуулах үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан ахмадуудын алдар гавьяаг төр засгаас үнэлэн төрөөс сар бүр нэмэгдэл олгодог. Иймд алдар цолтой ахмад настнуудад чиглэсэн тус тусдаа хуулиар   зохицуулж байсан ижил төрлийн  тусламж, хөнгөлөлтийг нэг хуулиар зохицуулах зорилгоор  Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох  тухай  хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд шинэ зохицуулалт нэмэгдээгүй тул хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөвт нэмэлт зардал шаардагдахгүй. Өөрөөр хэлбэл, баталсан төсвийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой аж. Гэтэл хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулж нэмэгдэл буурах юм байна гэсэн асуудал сүүлийн өдрүүдэд яригдах болжээ. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэлцүүлгийн үеэр, “Хуулийн төсөл нь алдар цолтой ахмадуудад нэмэгдэл олгох асуудлыг нэг хуулиар хэрэгжүүлэхэд чиглэсэн. Нэмэгдэл нь буурсан гэсэн яриа байна.  Бууруулсан тухай асуудал байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Ахмад дайчдын гэр бүлийн хүнд тусламж үзүүлэх асуудал тусгагдсан уу. Тусгаагүй бол нэмж оруулах бололцоотой юу" гэсэн асуудлыг тодруулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Нас барсан ахмад дайчны ар гэрт сар бүр мөнгөн тусламж үзүүлнэ гэж хуулийн төсөлд туссан" гэлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Аав ээжийг нь буудаад хэлмэгдүүлсэн 400 ахмад байдаг. Тэдгээр хүмүүс тухайн үедээ эсэргүү хэмээгдэж сурч боловсорсон, аятайхан ажил төрөл эрхлэсэн зүйлгүй байдаг. Тэднийг хэзээ анхаарах вэ" гэхэд салбарын сайд Н.Номтойбаяр, "Хэлмэгдэгсэдийн асуудлаар хуулийн санаачлах эрх нь таньд бий" гэсэн тайлбарыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Хөдөлмөрийн баатар, гавьяат гэсэн хоёр цолтой хүн байлаа гэхэд аль нэгнийх нь нэмэгдлийг ав гэдэг юм билээ. Хоёулангийнх нь нэмэгдлийг өгөх бололцоо бий юу" хэмээн асуухад Н.Номтойбаяр сайд, "Давхар цолтой бол нэг нэмэгдлийг бүтнээр, нөгөө нь талаар нь өгөх боломжийг үгүйсгэхгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Ударник" цолтон өнөөдөр 36 байна. Эдгээр хүмүүст улсаас орон сууц олгох боломж байна уу гэсэн асуудлыг лавласны зэрэгцээ 90-ээс дээш настнуудыг төрийн золгоонд оруулах, Онц бөгөөд Бүрэн эрхэт гэдэг Элчин сайдын цолонд нэмэгдэл олгодог байх санал гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Ударник" нь хөдөлмөрийн баатар цол гараагүй дайны хүнд жилүүдэд ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж байсан хүмүүст өгдөг байсан цол. Хэдэн жилийн өмнө 1500 ахмадад орон сууц өгөх эсвэл 35 сая төгрөгийг бэлнээр гардуулж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан үед дээрх цолтнуудад нэг удаагийн арга хэмжээ авах бололцоотой" гэсэн тайлбар өгсөний зэрэгцээ аливаа нэмэгдлийг олгоход эцсийн дүндээ төсөвтэй холбогддог хэмээн тайлбарлаж байв.

Хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, үг хэлсэн гишүүдийн зүгээс тив дэлхий, олимпод амжилт гаргасан тамирчдад сардаа сая саяар нь нэмэгдэл олгодог байхад улс орныхоо тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдлын төлөө дайтсан, хөгжил цэцэглэлтийн төлөө насаараа ажилласан ахмадуудын тусламж доогуур түвшинд байгааг шүүмжилж байлаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад 80.9 хувь нь дэмжив.

Б.Туул

相关新闻