Эх хэлээ судалж мэдэхээр дэд хөтөлбөрийг боловсруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт монгол бичгийг сэргээн дэлгэрүүлэх, сургаж өвлүүлэх, монгол бичгийн заах арга зүй, цахим хэрэглээг төлөвшүүлэх заалтыг тэргүүлэх зорилт болгон тусгасан байна.
Мөн аймгийн ЗДТГ, БСГ-аас УИХ-аар баталсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, эх хэлээ судалж мэдэх, үндэсний монгол бичгээ сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэд хөтөлбөрийг санаачлан боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулахаар бэлэн болжээ.
Энэ тухай тус аймгийн БСГ-ын дарга Ч.Отгонбаяраас тодруулахад, “Төрийн албан бичгийг хуучин монгол бичгээр хөтлөх зорилт төрийн бодлого шийдвэр болж хуульд туссан байгаа. Дэд хөтөлбөрийг батлуулснаар эх хэлээ судалж мэдэх, иргэд олон нийт, хүүхэд залуус, ирээдүй хойч үедээ үндэсний бичиг соёлоо уламжлуулан үлдээх, төрийн албан хаагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэх, монгол хэлний тухай хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулна.
Дэд хөтөлбөрт бага насны хүүхдүүдийн дунд монгол бичиг, эх хэлний олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, монгол бичгийн хэрэглээг бий болгох, багш нарыг чадавхжуулах, байгууллагын хаягийг монгол бичгээр бичиж занших, сургалт явуулах зэрэг бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан” гэв.
Үүнээс гадна БСГ-аас энэ оны 12 дугаар сард монгол хэлний багш нарын сургалтыг Сайншанд хотод зохион байгуулж Улаанбаатар хотын Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Баттогтохыг урьж монгол хэлний хэрэглээ, хичээл бусад асуудлаар сонирхолтой яриа өрнүүлж харилцан ярилцсан байна.
Х.Эрдэнэбулган