Ш.Абэ, В.Путин нар эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-16 09:57:58

ТОКИО. /Kyodo/. Оросын мэдэлд байдаг боловч Япон улс өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг арлууд дээр эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд тусгай тогтолцоо бий болгохоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тохиролцжээ.

Ш.Абэ, В.Путин нар пүрэв гарагт Японы Ямагүчи мужийн Нагато хотод халуун рашааны газарт бараг таван цагийн турш  яриа хэлэлцээ хийсэн байна. Ямагүчи муж бол Ш.Абэгийн төрөлх нутаг юм.

Холбогдох яамдын сайд нар хэлэлцээний үеэр байлцжээ.  Тэд батлан хамгаалах салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, аюулгүй байдлын зөвлөлийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Сири болон Умард Солонгосын асуудлыг ч мөн хэлэлцжээ.

Дараа нь хоёр орны удирдагчид 90 минутын хугацаанд хэлэлцээ хийх үед зөвхөн хэлмэрчид байлцжээ. Тэд маргаантай арлууд дээр эдийн засгийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Японы Засгийн газар Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арал буюу Курилын арлуудыг "Япон улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг.

Хоёр улсын удирдагчид өнөөдөр Токио хотноо дахин хэлэлцээ хийж, үдээс хойш хүндэтгэлийн зоог барих аж.

Тус хоёр улс засгийн газрын түвшинд 13 хэлэлцээр, тэдгээрийн дотор эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурна.

Мөн талууд бизнесийн 60 гаруй гэрээ, тухайлбал Дорнод Сибирь дэх нүүрсний ордыг хамтран ашиглах, Арктикт байгалийн хий олборлоход зээл олгох тухай гэрээг байгуулах ажээ.

Г.Доржханд

 

相关新闻